Cудлаач Д.Ганхуяг

АВИЛГАЧИД АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ НЬ…

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн даргаар, цагдаагийн хурандаа, мөрдөн байцаагч Д.Ганболд болов. Төрийн албаны зөвлөлийн даргаар бас л мөрдөн байцаагч Д. Зүмбэрэллхам болов. Авилгатай тэмцэх газрын даргаар мөн л мөрдөн байцаагч Ч. Сангарагчаа болов. Нэг юмыг тохиолдол, хоёр юмыг үзэгдэл, гурван юмыг зүй тогтол гэдэг зарчмаар авч үзэх юм бол Монголын төр дарангуйлалд шилжиж буй нь илт. Энэ дотроос саяхан тайлангаа ил тодоор тавьсан Авилгатай тэмцэх газрын тухай өгүүлсү.

Судалгаагаар хийсэн тэмцэл

Хэрэв би эндүүрээгүй бол 1992, 1997, 1999, 2002 онуудад авилгалын эсрэг Үндэсний хэмжээний суурь судалгааг хийсэн юм. Эхний судалгаа л гайгүй байснаа хоёрдахиас нь эхлээд өөрөө авилгал болчихдог байна ш дээ. Энэ хооронд завсрын жижиг сажиг судалгааг тоолохын арга байхгүй юм. Судлаад л байдаг, судлаад л байдаг…Сүүлдээ Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас авахуулаад хэн дуртай нь авилгал судалдаг ажилтай болсон юм.

1995 он. “Авилгалтай тэмцэх хууль” гэж нэг гар хөлийнхөө үзүүрээр хийсэн нэг хууль шиг юмтай болсон юм. “1996 оны хуулийг хэрэгжvvлэх механизм дутуу байснаас амьдрал дээр vvргээ биелvvлж чадсангvй” гэж бүр хожим 2004 онд УИХ-ын дэд дарга Д.Лүнжээжанцан дүгнэснээс үзэхэд энэ хууль ч лөөлөө байсан нь дэндүү тодорхой юм. Авилгал ид цэцэглэж систем болон тогтож байхад шийтгэсэн, шийтгүүлсэн хүн огт байгаагүй байснаас энэ хууль хэнд ч хэрэггүй новш байсан нь илэрхий юм.

2000 он. УИХ-ын гишүүн С.Оюун, С.Төмөр агсан нарын гурван гишүүний санаачлагаар Авилгалын эсрэг хууль болон Үндэсний Хөтөлбөр санаачлав. Мэдээж гадаадын байгууллагуудын сэтгэл түгшсэн шахалт энд нөлөөлсөн биз. Харин манайхан энэ онд чинь сонгууль монгууль болоод ямар юмных нь авилгалтай тэмцэх мэмцэх байхав.

2001 оны 4 дүгээр сар. Авилгалтай тэмцэх хуулийг өргөн барьсан боловч 2006 он хүртэл манай яруу алдарт УИХ батлаагүй юм. Яг баталж харагдана ш дээ…Н.Энхбаяр нам, төрийг хослон барьж авилгалын сүлжээгээ өргөжүүлж байхад чинь…

2002 оны 4 дүгээр сар. АНУ-ын элчин сайд Ж.Дингер бүр тэсэхээ байгаад УИХ, ЗГ-ын гишүүдэд Монголд авилгал ихээхэн газар авч байгаа тухай хэлээд тавьчихлаа. Тэгсэн чинь юу бэ, манай хэдэн ноёд Ж.Дингерээс тэрхүү авилгачдын нэрсийг шууд хэлэхийг шаардав. Нөгөөдөх нь дипломат хүн болохоороо “Авилгачид энд зааланд хэд хэд сууж байна” гэж хэлж байж монголын авилгачдаас арай чуу мултрав. Манай аваргууд золтой л АНУ-аас дипломат харилцаагаа тасалчихаагүй юмдаг.

2002 оны 7 дугаар сарын 4. Авилгалын эсрэг хууль, хөтөлбөр хоёрыг зэрэг батлах нь үлэмж аюултай учраас Авилгачид эхлээд хуульгүйгээр хоосон хөтөлбөр батлах “санаачлага” гаргав. Сайндаа ч биш, тухайн оны 7 дугаар сард донор орнуудын зөвлөгөөн болох гээд үзүүлэх юм байхгүй болохоороо баталж байгаа царай нь тэр юм л даа…

Энэ хөтөлбөрийн дагуу манай бүх яамд, бүх аймаг, сумдад авилгалтай тэмцэх хороод байгуулж жигтэйхэн сүртэй юм болов. УИХ-ын гишүүн С.Оюун “Partnership for Transparency Fund” байгууллагын төслөөр энэхүү “Авилгалтай Тэмцэх Үндэсний Хөтөлбөрт” мониторинг хийх саналыг надад тавьж билээ.

Энэхүү судалгааны дүнг “Зориг сан”-гийн веб сайтаас бэлхнээ үзчихэж болох учраас хэдхэн жишээ авъя. Дашрамд дурдахад энэ судалгааг 2003-2004 оны заагт явуулсан хэдий ч монголын авилгалын индексийг анх удаа тооцоолон гаргасан бөгөөд одоо ч гэсэн олон улсад хамгийн их иш татдаг юм.

Бүх яам, аймгийн авилгалтай тэмцэх газарт бараг бүхэлд нь (93%) нөгөө хэдэн авилгачид нь орчихсон байлаа. Мөн яамд болон аймгуудын тайлангаас үзэхэд биелээгүй буюу тодорхойгүй заалтууд 77,8 хувь болж байлаа. Бид ингэж л авилгалтай тэмцдэг улс даа…

Ажил хэрэг ийм атал манай эрх баригчид телевиз хагарч, радио дэлбэртэл бид Авилгалтай тэмцэж байна гэж дуу дуугаа авалцан ярьж байсныг олон хүн санаж байгаа буй заа.

2006 оны 7 дугаар сар. 1995 оноос хойш 12 жил унжиж байж арай чүү Авилгалтай тэмцэх хуультай болсон юм. Бас л АНУ болон барууны орнууд Мянганы сорилын корпорацийн мөнгө олгох гол шалгуур болгон ихээхэн хүчтэй шахаж байж л арай чүү нэг юм хууль баталж байгаа юм даа.

Одоо Авилгалтай тэмцэх хууль, Үндэсний хөтөлбөрийг мэдэж байдаг хүн бараг тоотой хэдхэн л болов уу. Монголчуудын хамгийн гол найдвар нь Авилгалтай Тэмцэх Газар (АТГ) байлаа. Саяхан тэд тайлангаа тавьж ихээхэн хэмжээний авилгыг таслан зогсоосноо яруу тодорхой ард түмэнд мэдээлэв. Зарим маань баярлаад жигтэйхэн.

Барууныхны мөрөөдөл

Ингэхэд ер нь АТГ гэж юу байдгийг, ямар хэмжээний мөнгө идэж суудгийг хэр олон хүн мэдэх бол ?

Тэнд 90 гаруй хүн ажилладаг юм. Энэ бол бүхэл бүтэн яамнаас том аппарат гэсэн үг л дээ… Жилд 20 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй, чингэхдээ дараа жилийн төсвийг нь өмнөх жилийнхээс багасгахгүй гээд хуульчлаад заагаад өгчихсөн. Дээрээс нь Авилгалтай хийх судалгаа, сургалтад НҮБ болон олон улсын байгууллагуудын мөнгийг ёстой “цусалдаг” газар”…

Мөрдөн байцаах мэтийн ноцтой том эрх мэдэл, асар өндөр цалин, төсөв зэргийг харгалзах юм бол Монголд 90 хүнтэй байгууллага хэрэв хүсэх юм бол юуг ч хийж чадна гэдэгт хэн ч эргэлзэхгүй буй за.

Манайхан нэг асуудал ярихаар түүнийг шийдэх байгууллага байгуулж байж санаа нь амардаг улс. Энэ зүй тогтлын дагуу АТГ-ыг байгуулсан юм. Эхэндээ АТГ байгуулаад л, тэр нь авилгачдыг тарвага зурам шиг нүхнээс нь чирч гаргаад л авилгалыг арилгачихна гэж бодож байсан бололтой.

Барууныхан манайхныг сайн мэддэггүй нь эндээс нэн тодорхой харагддаг юм. Тэдний бодлоор хэнээс ч үл хамааралтай, асар өндөр цалин хангамжтай, мөн мөрдөн байцаах мэтийн асар том эрх мэдэлтэй байгууллага байгуулчихаад, энийг нь олон түмний хяналтад оруулчихвал авилгалтай маш амжилттай тэмцээд явчихна гэж бодсон бололтой. Барууныханы алдаа ганц энэ биш л дээ… Ухаандаа 5-6 жил бэлтгэж, судалж НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар өөрийн биеэр хүрэлцэн ирж байгуулсан “Хүний эрхийн комисс” одоо монголд хэрхэн хүний эрхийг хангаж байгааг хар л даа…

Баруунхан Хүний эрхийг хангачихна байх, авилгалтайгаа тэмцчихнэ байх гэж одоо болтол бодоод энэ салбарт төсөл мөнгийг ёстой нэг хайрлахгүй шүү дээ….Манайд тусалж байгаа улсыг чинь муулаад байлтай нь биш, ямар авилгалаа нэмэгдүүл гэж монголд мөнгө өгсөн биш…

2007 оны 9 сар гэхэд л АНУ манайд 6,5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн бөгөөд үүний 1,8 саяыг нь авилгатайгаа тэмц гээд Сангийн сайд Н.Баяртсайханд хүлээлгэн өгсөн билээ. Дээрээс нь НҮБХХ-өөс “Үндэсний шударга ёсны тогтолцоог өргөжүүлэх” нэрээр 180.000 ам.доллар аваад авилгатай тэмцээд дуусгачихсан. Төслийн нэрэнд нь хүртэл яруу найрагчид ч атаархмаар…

Одоо авилгатай ахиж тэмцэх гээд л гаднаас мөнгө нэхээд сууж байна даг. Авилгатай тэмц гэж өгсөн мөнгө авилга болоод алга болчидог нь үнэхээрийн гайхамшигтай.

Харин энд болж буй монгол механизмыг бол бидний хэдэн судлаачид дэндүү сайн мэднэ л дээ. Энийг монголоор хулхидах гэдэг юм…

Анхны дарга…

Ухаандаа хуулинд “АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгчийн өргөн барьснаар УИХ томилно” гээд заачихад барагтай монгол хүн анхаарахгүй, мөн тоохгүй. Ингээд л “монгол хулхи юм” эхэлдэг юм л даа. Одоо Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ, ЗГ-ын гишүүнээс бусад төрийн байгууламжийн бараг бүх удирдагчдыг сонгодог, өргөн барьдаг, санал болгодог юм. Монгол хэлээр санал болгоно, томилно гэсэн л бол тухайн хүн томилсон хүнээсээ шууд хамааралт болж байгаа хэрэг. Нөгөө л аалзны тор нь ажиллаад байгаа хэрэг л дээ. Нэг харсан чинь монголын төрийн гол байгууллагууд цагдаагийн мөрдөн байцаагч нараар дүүрч байх шив…

Энд л төрийн эрх мэдлийн бодит шилжилт болдог ба энэ хандлага одоо нэгэнт хэмжээнээсээ хэтрээд Монголд бараг Ерөнхийлөгчийн засаглал тогтчихоод байна л даа…

2006 оны 7-12 сар. Бараг хагас жил монголын төр таг чиг болов. АТГ-ын даргаа хайж, байгууллагаа “бүрдүүлж” байгаа нь тэр.

2006 оны 12 сар. Б.Дангаасүрэн агсныг АТГ-ын даргаар томилов. Эндээс л хамаг зөрчил, “юм” эхэлсэн юм даа…

2007 оны 1 дүгээр сарын 9. Дөнгөж ажлаа аваад 10-аадхан хонож байсан АТГ-ын анхны дарга Ц.Дангаасүрэн агсан хэвлэлд ярьж байна:

Сонин хэвлэлээр яригдаж байгаа нэр усыг харахад АТГ-ын дэд даргад тохирох хүмүүс биш байна лээ. Миний мэдэхээр дандаа хэл амтай хүмүүс байсан…Хэрвээ Ерөнхийлөгч дэд даргаар эдгээр хүмүүсийн нэгийг санал болгож байгаа бол би авахгүй л гэж хэлнэ. Гэхдээ төрөөс ийм хүмүүсийг батлаад өгдөг юм бол би тэр хүмүүсийн гаргаж байгаа үйлдлийг хариуцахгүй…Дөрвөн газрын даргаар…намайг ийм, тийм хүн ав гэж шахалт ирэх юм бол би хүлээж авахгүй…

Энэ хугацаанд (1995 оноос хойшхи 12 жилийг ярьж байна –Д.Г.) Авилгын тухай хууль байсаар байхад түүнийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллага биелүүлээгүй. Дахин хэлэхэд биелүүлээгүй, зарим талаар биелүүлэх сонирхол ч байгаагүй юм шүү…

Сурвалжлагч Т.Баярмаа түүнээс “АТГ-ын дарга халтай ажил гэж хэлж болохоор байгаа…Ямарваа нэгэн дарамт, шахалт ирэх вий гэж болгоомжилж байна уу ?” гэж асуухад тэрээр:

Би хэний ч дарамтад орохгүй…Ямар ч байсан цагдаа, прокурор, шүүхийнхэн шиг ийм үлбэгэр байдлаар ажиллахгүй…Амьдрал ахуйд халгаатай ч байж болно, халгаагүй ч байж болно. Гэхдээ миний зүгээс халгаатай гээд бэргээд байх явдал байхгүй…

Хэдийгээр тухайн үед Та ч, би ч нэг их анхаараагүй боловч одоо бодоход үнэхээр төрийн түшээ шиг хэлжээ. Гэтэл харамсалтай нь амьдралд нь дэндүү халгаатай юм болжээ. Ийм төрийн түшээгийн хүчинд төр бэхжиж, авилгач түшээдийн үед төр сөнөдөг юм.

2007 оны 10 дугаар сарын 25. Австралид албан ажлаар явж байгаад Б.Дангаасүрэн хачин жигтэй байдалд амь үрэгдэв. Хааяа дүүгээс нь өөр ярих хүнгүй юм шиг. Гэхдээ ярих хүн олон бий гэдэгт би дэндүү итгэлтэй байна шүү…

АТГ-т болсон нэгэн хурал

АТГ нэг удаа баахан сэтгүүлч, судлаач, ТББ-ынхныг цуглуулж байгаад баахан яриа хийсэн юм. Одоо бодоод байхад АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг томилох гэж байсан мэт. Нэг их том дарга марга байгаагүй ч яриа нь анхнаасаа л биш болоод явчихав. Авилгалтай тэмцэх хууль цоорхойтой л гэнэ, бидэнд эрх мэдэл хүрэхгүй байна л гэнэ, бодвол шууд бариад авах эрх мэдэл нэхээд байгаа бололтой, хамгийн гол нь мэдээлэл дутуу байна энэ тэр гээд баахан зовлон тоочлоо.

Би ч шууд л: “Та нарт эрх мэдэл огт дутаагүй ээ, хэрэв бидний саналыг асууж байвал систем болоод тогтчихсон том авилгалаас эхлэх ёстой. Та нар эмч, багш нарын набороос нэг их хэтрэхгүй юм шиг байна. Хэрэв Та нарт мэдээлэл дутаад байвал би өгье. Гэхдээ ганцхан болзолтой. Та нар энэ мэдээллийн мөрөөр шууд арга хэмжээ авч, олон нийтэд ил тод ажиллана гэсэн амлалт өгөөдөх” гэлээ.

Тэд бүр таг чиг болж, зааланд ялаа ниссэнд ч дуулдмаар мэт санагдсан шүү. Тэгж тэгж нэг нь өөдөөс мэлийчихээд инээгээд уналаа. Би ч өөдөөс нь нэг инээчихээд “За тэгвэл Та нартай яриад байх юм надад алга даа” гэчихээд гарч билээ.

Монгол гестапо

Ямар хяналт шалгалт байхгүй, ганцхан Ерөнхийлөгчөөс хамаарах, асар их мөнгөтөй, хязгааргүй эрх мэдэлтэй, 90 гаруй хүнтэй цэрэгжсэн байгууллага юу хийдгийг Бурхан л мэдэх боловч энэ талаарх мэдээлэл сүүлийн үед тархаж эхлэж байна. Нэг улс төрчийн гайхамшигтайгаар онож хэлснээр энэ бол “монголын гестапо” болчихжээ. Энэ нэр томъёо болон асуудал хоёр талтай.

Эерэг тал нь. АТГ байгуулж авилгачдыг цээрлүүлж эхэлж байна. Баярламаар байгаа биз. Бүхэл бүтэн 3 жил ажиллаад ажиллаад төрийн албан хаагчдынхаа хөрөнгө орлогын мэдүүлгийг сая л нэг юм бүрдүүлж байгааг ажил хийж байна гэхээс юу гэх юм ?! Эндээс эхлээд л гаднынхныг хулхидана даа. Урд нь ямар ч хүн ял шийтгэл авч байгаагүй бол АТГ байгуулагдсанаас хойш төчнөөн хэрэг илрүүлж, тэдэн тэрбум төгрөгийн хохирлыг барагдууллаа гэх мэтчилэн…Мэдээж энэ бол сайн хэрэг. Авилгач цагдаа, шүүхч, прокурор, ерөнхий эмч гэх мэтчилэн “жараахай” барьснаараа гайхуулах ч яамай л байна. Гэхдээ “тул”-ууд байх ёстой биз дээ…

Сөрөг тал нь. Олон жилийн турш хуримтлагдсаар байтал монголын томчууд бараг бүгдээрээ авилгачин болж гүйцсэн бөгөөд хамгийн том авилгачин нь бусдыгаа “баримтжуулж” авчихаад АТГ-ыг улс төрийн зорилгод ашиглаж байвал яахав ?!

Авилгатай тэмцэх шинэ хууль гарснаас өмнөх авилга “хамаагүй” гээд хүртэл заагаад өгчихдөг хөгийн юм байдаг юм уу ?

Н.Энхбаярт улс төрийн хувьд үнэнч бол ямар  ч авилга байхгүй, хэрэв сөргөлдвөл авилгачин болчихдог нь сүүлийн үед заншил болж байх шиг. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарыг хар л даа. Байж байгаад л авилгын хэргээр АТГ-т дуудагдаж, шүүхэд очдог. Хэдэн ч удаа болж байгаа юм тоог нь бүр мартаж орхиж. Хажуугаас нь эсвэл тэр шорондоо явуулаад өгөөч, эсвэл болиод өгөөч гэж орилмоор. У.Хүрэлсүх, Л.Гүндалай нарын асуудал бол том авилгачийн дэргэд “задгай мөнгө” шүү дээ…

Сүүлдээ зарим нь, үнэн хэрэг дээрээ олонхи нь Н.Энхбаярын АТГ-аас айдаг өвчтэй болж байх шиг. Тэгээд Та нар насан туршдаа айж явах заяатай болж байна уу ?! Айх байсан юм бол элэнцгээ хийж авилга авсан юм, авилга авсан юм бол үхснээ хийгээд айгаад байсан юм ?!

Сүүлдээ манай улс төрчид, бизнесменүүд бараг бүгдээрээ “хоттой хонь” болж, эзэн нь “хэзээ гаргахыг” хүлээдэг болж дээ. Энийг чинь монгол хэлээр хохь чинь гэдэг юм…

Саяхан Н.Энхбаярын зүү орох зайгүй найз байсан, Монгол банкны болон өөрийнхөө нэр төрийг гутаасан хэргээр намайг ЧД-ийн шүүхээр шийтгүүлж байсан О.Чулуунбат өөрөө АТГ-д байн байн дуудагдаад 42 тэрбум төгрөгийн ялд уначихаад надтайгаа адилхан ЧД шүүх дээр байж байх юм. Хүний хувь заяа их сонин юм шүү. Очиж очиж ЧД-ийн шүүх байхдаа ч яахав дээ.

Хэдэн жилийн өмнө би тэргүүн хатагтай О.Цолмонг монгол банкнаас 8 сая доллар авсан гээд биччихсэн чинь О.Чулуунбат өмнөөс нь өмөөрч надтай дахин дахин давж заалдсаар шүүхээр шийтгүүлж байж санаа нь амарч билээ. Одоо Монгол банкны нэр төр гэж байна уу, ноён О.Чулуунбатын нэр төр гэж байна уу гэж асуумаар л байна. Ноён О.Чулуунбат гуай найз Н.Энхбаяр нь “гаалийн Х.Баатарыг яалаа..” гэж нэг эрэгцүүлчихэж чадаагүй л юм байх даа. Ийм “зовлон”-той нэрсийг хэдэн зуугаар нь гаргаад өгч болно шүү дээ…

Сэрэмжлүүлэг

АТГ-ынхан уур нь хүрнэ гэдгийг би сайн мэдэж байна. Би ямар авилга авсан биш, Та нар сайндаа л мэдэгдэл зэдэгдэл гаргана биз. Хэрэв Монголын АТГ том авилгаасаа эхлэж тэмцэхгүй аваас, зүгээр л төсөл идэж, улс төрийн зорилго биелүүлэх аваас би л лав түүнийг АТГ гэж үзэхгүй дэг.

Би Та нарын эсрэг шинжлэх ухааны баттай баримт, шударга ёсыг сөргүүлэн тавьж байна. Том авилгач Монголд ганцхан байдаг, бусад нь түүний дэргэд өчүүхэн жижиг болчихсоныг мэдэхийн тулд нэг их шинжлэх ухаан ч бараг хэрэггүй биз ээ…

Том авилгыг аль эртнээс дэндүү сайн мэддэг, бас анхлан хэвлэл мэдээлэлд ил гаргаж байсан дотроо байгаа хүмүүсээсээ асуу л даа, ядахдаа. Хэрэв АТГ том авилгачийн дохиураар хөдлөх болж, үйл ажиллагаа нь хачин эвгүй хувирч байгааг зогсоохгүй бол би Та нартай дуртайяа тэмцэнэ. Тэгж ч чадна. Иймээс л би Та нарт сэрэмжлүүлж байна. Та нар 90 байна уу, 900 байна уу, надад огт падгүй…

Судлаач Д.Ганхуяг

2009 оны 3 дугаар сарын 23.

2009/03/22 - Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 24 Comments

24 Comments »

  1. Нийтлэгч, судлаач Таны авилгыг тэр чигт илчилсэн энэ зүйлийг уншаад монголын нийгэм эдгэхэд хэцүү болж дэндүү бохирдсоныг уншаад энэ гамшигт үзэгдэл хаанаас эхтэй, хэрхэн тэмцэх, устгах талаар нэлээд гүнзгий ойлголоо. Монгол улс маань дэндүү муухай бохирдож, ёс зүйтэй юм даанч алга болжээ дээ. Харамсалтай. Авилгатай тэмцэх газрыг жинхэнэ ард түмний төлөө үйлчилдэг шударга байгууллага болгохгүй л юм бол таны өгч байгаа мэдээллээр бол эханээсээ ажиллах механизм нь даанч буруудаж дампуурчээ. Ийм байх нь ёс зүйгүй шударга бус явдал гааран даамжирна уу гэхээс биш сүлжилдсэн авилгалын сүлжээг таслан зогсоох үндэсгүй нь ойлгогдож байна л даа.
    Би бодохдоо авилгал ядууралтай холбоотой байна гэж боддог байсан. Та баян би баян бас эргэн тойрны хүмүүсийн цалин, нийгмийн баталгаа сайтай элбэг хангалуун амьдрах хэмжээнд байдагсан бол тэр муу золигийн авилгаар яах ч билээ дээ гэж боддог байлаа. Таны мэдээллээр хүмүүсийн бодол бас монголын авилгын мөн чанарыг ойлгосноор яавал зохистойг эрхбиш бодож эхлэх байлгүй дээ. Ард түмний амьдрал харсаар байтал ядуурсаар байна. Одоо хэдэн мал маань малчдын гарт биш. Мөнгөтэй хүний гарт шилжиж байна. Мөнгө хэнд байна.Авилгаар хагартлаа баяжсан этгээдүүдэд. Бас Хятадуудад. Нэг мэдсэн хятадын малын бааз орон болж эхэлж байна гэнэ. Аргагүй ш дээ монголчуудад мөнгө алга. Хэдэн малаа очиж, очиж хар хятадуудын гарт өгмөөргүй байна. Эрдэнэт мал сүргээ аврах юмсан Та минь.

    Comment by Д.Батсүрэн | 2009/03/22

  2. Ард түмэн ямар байна, төр тийм байна. Бид хэтэрхий хүлцэнгүй, хэнэггүй яваад байгаа юм биш үү. Сэрцгээе, нойрноосоо сэрцгээе. Үр хүүхдээ ирээдүйд ямар нийгэмд амьдрахыг өнөөдөр бид шийдэж байна шүү дээ. Одоо дэлхий даяраа хямарсан үед энд амьдрал хэцүү болоход гадаадад гараад сайхан амьдарна гэдэг үлгэр болсон ш дээ. Тэгэхээр энэ бор гэртээ бүгдээрээ нийлж амьдрахаас хойш… Бидэнд шанс байна, судлаач Д.Ганхуяг ах хэлж байна шүү дээ, гарц ямагт байдаг гэж.

    Comment by БатЭрдэнэ | 2009/03/22

  3. Гутрах хэрэггүй дээ, эрхэм ээ. Хэрэв хүн бүр оролцоо, идэвхиэ дээшлүүлбэл гарц бол байгаа ш дээ.

    Comment by gankhuyag | 2009/03/22

  4. Таны өглөөний амрыг эрье. Үнэхээр үнэн зөв бичсэн байна…бичдэг. Ард түмний ЧИХИЙГ УХАЖ,ОНГОЙЛГОДОГ танд амжилт хүсье.

    Comment by öîëìîí | 2009/03/22

  5. Миний бодож явсан зїйлийг яг бичжээ. 2002 онд Цэргийн прокурорын газрыг татан буулгасанаар тэд бїр хяналтгїй болсон юм байна лээ. Єєрєєр хэлбэл тэр газар Сєрєг тагнуулыг їйл ажиллагаа явуудаг Тагнуулын Ерєнхий Газараас дутахгїй эрх мэдэл бїхий ба Эрх баригч болон албан тушаалтануудын хувьд ХАДНЫ МАНГАА нь байсан юм. Їїнийг татан буулгахгїйгээр ХОЛ ЯВАХГЇЙ ГЭДГЭЭ ТЭД МАШ САЙН МЭДЭЖ БАЙСАН БОЛОЛТОЙ. Институцийг татан буулгасанаар єєрсдийнхєє талаарх бараг бїх мэдээллийг /Баазыг/ Їгїй болгож чадсан юм. Одоо ТЕГ-т ч тийм хэмжээний мэдээлэл байна гэдэгт би л лав эргэлзэж байна. Бидэнд Нэг бол Том ялаа болж торыг цоолж гарах, Їгїй бол Ялаануудаа нийлїїлж торыг устгахаар оролдох, эсвэл торыг хэн нэгнээр устгуулах, тор єєрєє цаг хугацааны явцад муудаж устах гэдгийг нь хїлээх гэх мэт арга замууд їлдэж байна даа. Орчин їеийн шинжлэх ухаанууд манай єнєєгийн нийгэм хаашаа явах, хаа хїрэх, Монгол улстай тохиролцоо хийхэд юу хэрэгтэйг хїртэл тооцож чадах хэмжээний болоод хєгжчихсєн байна шїї дээ. Гэтэл манай иргэдэд Боловсролын тївшин болон мэдээлэл авах боломж бїр хомс байгааг бид анхаарах хэрэгтэй бол уу. Нийтээрээ энэ асуудлыг мэддэг хардаг болоод ирэхэд тэд хїссэн хїсээгїй сонголтоо хийж л таарна.

    Монгол Сонгуулийн тогтолцоо болон Луйврын талаар та бичээч гэж гуйж байна. 2000 он болон тїїнээс хойшхи сонгуулиуд миний мэдэх хїрээний хїмїїсийн хїлээсэн їр дїнгээс эсрэг гараад байгаад дїгнэлт хийж їзсэн юм. Єєрєєр хэлбэл Санал хураалтыг илт луйвардаж байна. Тэрний тулд аргаа нарийсгасан бїхэл бїтэн сонгуулийн луйвар зохион байгуулах машин ажиллаж байна. Їїнийг л БИД ЗОГСООЖ ЧАДВАЛ ТЭДНИЙГ ЭРХ МЭДЛЭЭС НЬ ХОВХ ЦОХИН УНАГАЖ ЧАДНА.
    Ганаа ахаа Танд амжилт хїсье. Бичээд байгаарай.

    Comment by Zochin- Tsendee | 2009/03/22

  6. Мах нам гэдэг авилгалын том машиныг татан буулгаж байж л аалзны тороос сална.
    Ганц нэг хүнийг бариад нэмэргүй гэдгийг зөндөө л харлаа. аалзны тор доргингуут наад том аалз (мах нам) төрийн машиныг ажиллуулаад хэргийг шоу болгоод өнгөрөөдөг!
    Гарц бол яах аргагүй энэ намыг татан буулгах!

    Comment by сонирхогч | 2009/03/22

  7. tanii bichseniig unshihad Enhbayar anhnaasaa ATG-iin dargiig buruu hun tavichihaad daraa n tsaash n haruulsan gesen uguu?
    medeh l hun dee!!

    Comment by chinba | 2009/03/23

  8. hey ganaa ahaa nadad neg asuult bna. ene orosiin forumuudaar dandaa l hunnu nar bol prototurk geed bh yum. Yag Gumilev guya tegj helsen gej bnale. Ooroo er ni yu gej boddog ve? Hunnu nariig mongolchuud bas udirdaj bgaagui buur zarim ni mongolchuud tuuhendee haan tsol zuuj bgaagui ch geh shig. Ta nar ene “munhag” orosuudad niilj bgaad oros hel deer nom gargaad tavichij boldogguim uu?

    Comment by bat | 2009/03/23

  9. Saikhan oguulel bn.

    Comment by Tamir | 2009/03/23

  10. АТГ-ын даргаар анхнаасаа буруу хүн тавьчихсан гэж би огт бичээгүй. Түүний ярьж байснаас үзэхэд дэд дарга болон бусад 4 газрын даргад хүмүүс “шахах” гэж байсан, талийгаач эсэргүүцэж байсан нь тодорхой байгаа…Өөр ч олон “юм” бий. Та үнэхээр урвуугаар сэтгэдэг хүн байна. Тэгвэл урвуугаар нь уншиж бай л даа.

    Comment by gankhuyag | 2009/03/23

  11. 8-д. Та ихээхэн зав гаргаж хариулах маш хүнд асуулт асуулаа. Уг нь бол асуух нь хариулахаасаа илүү хүнд байдаг. Та ёстой голыг нь олж асууж чадлаа. Би Танд заавал хариулахыг хичээнэ ээ, гэхдээ одоо биш…Надад ямар ч зав алга, уучлаарай.

    Comment by gankhuyag | 2009/03/23

  12. 5ын Зочин Цэндээд.Яг үнэн.Цэргийнхээс гадна прокуорыг нэг хэсэг эд чинь бужигнуулаад авсан шүү дээ. Бас Ардын хянан шалгах хороог татан буулгасан гэж байгаа.Бүхнийг хараа хяналтгүй болгох гэсэн бодлого эхнээсээ байсан гэж хардмаар байдаг юм.Дараа нь ёстой дураараа дургих шиг болоо биздээ?
    Цэнд ээ.Сонгуулийн луйврыг зохион байгуулж байгаа машиныг яаж зогсоох вэ? Санаа оноо байна уу?

    Comment by enkhjargal | 2009/03/23

  13. sain bnuu ganaa bagshaa. tand udrin mend hurgey. tani niitleluudiig bainga unshdag, shimten sonirhogch bnaa. tanias yum lavlah gesiin. wordpressiin blog oo yaj domain nertei bolsoniin install dah gesen chine chaddagui ee. ta ene taliin medeelel ugj tuslaach. Please … e.miigaa@yahoo.com

    Comment by miigaa | 2009/03/25

  14. Zorig sangiin web-n hayag helj ogooch! Saihan bichleg baina. Haramsaltai ni olonhi ingej setgedeg systemdee shuumjtei handdag bolvol avilga ugui boloh yum bolov uu.

    Comment by zochin | 2009/03/26

  15. Домайн нэрийг Датаком кампаниас худалдаж авдаг юм. Харин нэрээ л сайн бодмоор юм билээ. Эхлээд би Судлаач Д.Ганхуяг гэж авах гэж тэнэгтэж байсан юм. Одоо бодоод байхад ganaa.mn нь цээжлэхэд хамаагүй амархан байгаа биз дээ. Тэгээд wordpress дээр нээсэн блогоо холбуулчихдаг юм бил ээ.

    Comment by gankhuyag | 2009/03/26

  16. http://www.zorigfoundation.org.mn/

    Comment by gankhuyag | 2009/03/26

  17. Одооны ерөнхийлөгчийн сонгуулиар нэг аалзны торноос гарч болно. Даанч сонгуулийн өмнөхөн л Энхбаяр хараалаа хийнэ дээ. Харж л байгаарай. Ардчилалд өгөх магадлалтай насныхныг залхуу, идэвхгүй байлгах зорилгоор гадаадын зарим оронд хэрэглэдэг сонгуулийн тактикийг хэрэглэж магадгүй. Тэр нь гипноз, биоталбайд нөлөөлөх байдлаар эсрэг сонгогчдыг унтуулах, идэвхгүй байдалд оруулах, стрестт оруулах арга юм. Бас өмнөх сонгуулиудын өдрүүдээр ямар кино, нэвтрүүлэг гардаг гэж бодно. TV5, TV9, TM телевизүүдийн хөтөлбөр залуусыг гэрээс гаргахгүй байхаар бодож төлөвлөсөн нь илт байсан.

    Comment by Буянжаргал | 2009/03/27

  18. nadaar sayahan ATG neg nohor yum hiilgesen yum…hojim bi chamd hereg boloh hun shuu geed l bultreed bsan.bulter ch bulterch moneygoo ch tololgui yabaad l ogson.nadad yag yund hereg boloh yum bol…bi gaihaad bga yum.bi hubiaraa yum hiideg hun shuu dee.tord ajildag bol neeree tus boloh bh daa he he he.sayahan mongoo neheed yarisan ajilaasaa halagdsan surag bna.bodbol ooroo yu yachihsan yum bol uuuuu?!!!

    Comment by Gazarchin | 2009/03/29

  19. Баяр ингэжээ.Одоо Ерөнхийлэгчээс эх орны хишгээ монголчууд асуух гэнэ.Миний бодлоор арай өөр юм асуух байхаа. 2т.Тэр зуун хувиар гаргадаг их сонин санагдчихлаа.МАХН ч салахын түүс болсондоо ингэсэн байхаа.

    Comment by Anonymous | 2009/04/03

  20. odriin mend.
    bidnii durtai baruunixan songuuliin companyt ajillagaand irged sain duraaraa ooriin itgel vnemshileerei vne xolsgvi oroltsdog gexed anx bi ix gaixaj bsan yumdag. eroos tosoologdoxgvi bsan. uchirn ajil uchiraas gej bodsoniix bxaldaa. odoo bol bi durtaiya tusalna gj boddog shv.

    Comment by Xocoo | 2009/04/08

  21. Ganaa ah tand ajliin amjilt husei!tanii bichsen zyiliig unshaad minii eh oron yu bolood baina daa gej haruusal buhimdal toroh yum ene toriin erh medel ard tumnii gart baina uu esvel urt shar deeltiin gart baina uu niigmiin buh salbart tuunii orolzoo .bna shuu dee yaah veeeeeeeeeeeee

    Comment by monhoo | 2009/04/12

  22. Ug ni Abilgazdiig ustgax amarxan shyy de.Odooxondoo zag ni boloogyi baina.Yagaad gebel mongoliin ard tymen uzraa sain oloxgyi , oilgoxgyi baina.Mongoliin abilgazdiin esreg terror gej yum bii bolbol naad abilgaz tor byyr budaa bolno sh de.Ene baidlaaraa udbal Abilgaz nar yr udmaaraa sonono doo…

    Comment by Selmen Togmid | 2009/08/01

  23. Муу бууны нохой. Ганхуягаа хэрээ мэдэж, бяраа таниж хуцаарай. Энд тэндээс худал үнэн үг амаа ангайлган байж сонсоод түүнийгээ давсалж амтлаад тавьчихдаг, дээр нь хэсэг бузар улс төрчид энэ занг нь ашигтайгаар эргүүлж хөөргөж турхирч суудаг гэдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу. Хүн хэцүү тарчиг амьдралтай байж болно тэглээ гээд ингэж талх олж идэх арга бол арчаагүй арга ядсан хүний хийх амь тариа. Хэзээд үнэн ялдаг. Чамтай чамгүй түүх илчлээд гаргаад ирдэг юм. Худлаа үнэн юм бичээд байснаас болоод юм уу хүүхэд шуухад өвчин ороогоод байх боллоо гэж явсан гэсэн одоо больмоор юм.

    Comment by Ганхуяг бууны нохой-д | 2009/09/16

  24. Та энд дурдсан баримтуудаас ядахдаа нэгийг нь ч гэсэн худал гээд нотолчих л доо. Наана чинь он сар өдөртэйгээ байгаа юмсан. Би мэдээллээ улс төрчдөөс огт авдаггүй, мөн тэднээс “юм асууж” амьдардаг тэнэг амьтан биш. Би өөрийнхөө толгойгоор нэг их муугүй л амьдардаг юм ш дээ. Чи өөрөө хэмжээгээ мэдээд больж үз.

    Comment by gankhuyag | 2009/09/16


Leave a comment