Cудлаач Д.Ганхуяг

Ж.СОРОС. ХЯМРАЛЫН ЭСРЭГ ДАЯАР БОДЛОГО: ШИНЭ МӨНГӨ БҮТЭЭХҮЙ

Aмерикийн миллиардер Та бидний сайн мэдэх Жорж Сорос одоо болж буй дэлхийн эдийн засгийн даяар хямралыг дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд учруулах гамшгаар нь ЗХУ задарсантай зүйрлэж, хямрал “ёроолдоо хүрэх” хараахан болоогүй, ойрын үед хүрэх нь юу л бол хэмээн мэдэгдсэн тухай Рейтерс агентлаг мэдээлсэн байна. Энэ сарын 20 –нд Колумбийн Их Сургуульд дэлхийн эдийн засгийн шилдэг экспертүүд цугласан эрдэм шинжилгээний хурал дээр Сорос АНУ-ын их хямралын (депресс) үед ч гэсэн санхүүгийн нөхцөл байдал өнөөгийнх шиг муу байгаагүй гэж мэдэгджээ. Соросын хэлж байгаагаар Lehman Brothers банк дампуурснаар дэлхийн санхүүгийн систем задарсан бөгөөд одоо “амьсгалын аппарат”-д орчихоод байгаа аж. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Сорос нэг чухал өгүүлэл бичсэн бөгөөд үүнийг элдэв тайлбаргүй орчуулах нь дээр гэж би үзлээ. Мэргэжлийн хүн биш учраас зарим нэр томъёог буруу ойлгосон байвал уучилна биз ээ. Харин ноён Соросын өмнөөс намайг битгий загнаад байгаарай гэж хүсч байна.                                       

Дэлхийн санхүүгийн системд хэдэн арван жилийн турш “Вашингтоны зөвшилцөл” хэмээн нэрлэгддэг АНУ зонхилж ирлээ. (Энэхүү “Вашингтоны зөвшилцөл” гэдэгт Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэргээс хямралд орсон Латин америк болон бусад орнуудад санал болгодог төсвийн сахилга бат, өмч хувьчлал, зах зээлийг зохицуулалтгүй байлгах, худалдааг либералчлах зэрэг улс төрийн санал зөвлөмжийн нийлбэрийг хэлдэг бөгөөд энэ нь Соросын ачаар жигшүүртэй нэр томъёо болсон байна.- Орч ). Ийм нөхцөл байдал нь бүхэнд тэгш нөхцөл огтхон ч бий болгосонгүй.
Зах хязгаарын (периферия) орнуудад “Вашингтоны зөвшилцөл”-ийг тулган хүлээлгэсэн нь тэднийг санхүүгийн хямралын өмнө эмзэг байдалтай болгожээ.
Харин АНУ өөрөө болохоороо энэхүү дүрэм журмыг мөрдөх явдлаас ангид байж, өөрийнхөө байнга өсөн нэмэгдэж буй урсгал зардлын алдагдлаа нөхөх гэж бүх дэлхийн хадгаламжийг цөлмөж байсан юм.
Энэхүү амар сайхны үлгэр нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх хөөсийг хагалж сүйтгэв. Энэ хямрал нь бүрэлдэн тогтсон санхүүгийн систем хэр зэрэг шударга бус байсныг тодорхой харуулж байгаа ба хэдийгээр хямрал АНУ-д үүссэн ч түүний гамшгийн бүхий л хүнд хүчир нь зах хязгаарын орнуудад ногдож байна.
Зах хязгаарын орнуудад учруулсан хор хохирол нь түүнийг хараахан бүрэн ухамсарлаж амжаагүй учраас ихээхэн цоо шинэ зүйл юм.
Дэлхийн эдийн засгийн төвд байгаа орнууд мөн чанартаа өөрийнхөө иргэдийн банкны хадгаламжийг баталгаажуулж, компаниудаа хамгаалчихсан атал зах хязгаарын орнууд ийм итгэлтэй баталгааг хаанаас ч авч чадахгүй юм.
Үүний үр дүнд зээлийг дахин санхүүжүүлэхэд түвэгтэй зах хязгаарын орнуудаас хөрөнгө (капитал) урсан гарч, тэдний экспортын гүйлгээнүүд эргэлтийн хөрөнгөгүйгээс хэлмэгдэж байна.
Иймээс олон улсын институтын өмнө: зах хязгаарын орнуудыг төвөөс, чухамдаа бол АНУ-аас ирж буй шуурганаас хамгаалах шинэ зорилт тулгарч байна.
ОУВС болон ДБ-ны ирээдүй энэ зорилтыг хэр зэрэг амжилттай хэрэгжүүлэх эсэхээс хамаарна. Хэрэв тэд мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлж чадахгүй юм бол үнэн хэрэг дээрээ ач холбогдлоо алдана. Зах хязгаарын орнуудад тэдний санхүүгийн системийг хамгаалах, тэдгээр засгийн газруудад савалгааны эсрэг төсвийн арга хэмжээ авах боломж олгох гэсэн хоёр тусламж үзүүлэх нь зайлшгүй.
Эхнийх нь маш богино хугацаанд эдгээр орнуудын мэдэлд богино хугацааны мэдэгдэүйц мөнгөн хэрэгслийг олгох боломжийг шаардана. Дараа нь удаан хугацааны санхүүжилтэд тэднийг хүргэхийг шаардана.
Ингэхэд ОУВС-нд одоо байгаа мөнгө ойролцоогоор 200 млрд $ болох ба энэ нь иймэрхүү системийн болон мэдэгдэм тусламж үзүүлэхэд хаанаа ч хүрэхгүй юм. Одоо юу хийх хэрэгтэй вэ ?
Хамгийн энгийн шийдвэр нь мөнгө бүтээх явдал болно. Зээлжүүлэх тусгай эрхийн механизм аль эртнээс оршин байгаа. (Энэхүү Special Drawing Rights буюу SDR хэмээх зохиомол мөнгөн нэгжийг аль 1969 онд бий болгосон ба ОУВС олон улсын тооцоонд ашигладаг юм.) Үүнийг идэвхижүүлэхэд ОУВС-ийн гишүүдийн 85 хувь нь дэмжсэн байхад л болох юм.
Хуучин бол АНУ-ын зүгээс SDR-г өргөнөөр хэрэглэхийг цаг ямагт эсэргүүцсээр ирсэн. Нэмэлт мөнгөн массыг бий болгох нь зээлийн зах зээлийн нуралтад шилдэг хариулт болно.
АНУ үүнийг дотооддоо хийж байгаа. Яагаад энэ практикаа бүр дэлхийд хэрэглэж болохгүй гэж ?
SDR нь богино хугацааны өр шир дарахад онцгой нөлөө үзүүлэхгүй, гэхдээ хэрэв баян орнууд SDR-ын өөрийн хувиа (лимит) ядуу улсуудад зээлүүлэх буюу тусламж болгон өгвөл энэ нь зах хязгаарын орнуудад савалгааны эсрэг төрийн сангийн (фискал) бодлого явуулахад нь нэн ашигтай байх болно.
Олон улсын институтууд эдгээр мөнгөний зорилтот ашиглалтыг хянаж байх болно.
Хэрэв SDR-г өргөн цар хүрээгээр, жишээлбэл 1 триллион $ болгож хэрэглэлээ гэхэд баян орнуудын энэхүү сэтгэл харамгүй үйлдэл нь дэлхийн эдийн засгийг урамшуулж, тэдгээрийн экспортын зах зээлийг дэмжих бөгөөд үнэн хэрэг дээрээ өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юм.
SDR-ын өөрийн хувиа тусламж болгохдоо тэргүүлэх хөгжингүй орнуудын зүгээс зах хязгаарын орнуудын төрийн удаан хугацааны үүрэг амлалтад зохицуулсан хязгаарын (лимит) хүрээнд баталгаа гаргаж өгөх ёстой.
Түүнээс гадна хөгжингүй баян орнууд валютын нөөцийнхөө хэсгийг буюу бие даасан сангуудынхаа мөнгийг бага хөгжилтэй орнуудын удаан хугацааны төрийн үүрэг болгон оруулж болно.
SDR нь богино хугацааны өр ширэнд нэрвэгдэгсдийг хангахад маш бага туслах учраас энэ асуудлыг өөр хэрэгслээр шийдвэрлэх нь зайлшгүй юм.
Орлогын байнгын илүүдэлтэй (профицит) орнууд нэмж ОУВС-ийн санхүүгийн шуурхай тусламжийн шинэ хөтөлбөрийг (Short Term Liquidity facility — STL) санхүүжүүлж болох ба энэ хүрээнд улс орнууд гурван сарын зээл авахдаа өөрийнхөө квотыг 5 удаа нэмж болдог юм.
Одоогийн STL хөтөлбөрөөр бол жишээлбэл Бразил гэхэд л өөрийнх нь нөөц 200 млрд $ -тай хэдий ч 23.4 млрд $ авч чадна. Илүү уян хатан шинэ сан илүү чухал дэмжлэг үзүүлж чадна.
Түүнчлэн дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй орнуудын төв банкууд своп-ын талаар нэмэлт гэрээ хийх ёстой. Энэ нь гадаад валютаар интервенци хийх зорилгоор богино хугацаанд үндэсний валютыг сольж авах тухай төв банкнуудын хоорондын хэлэлцээр юм.
Түүнээс гадна эдгээр хөгжингүй орнууд үндэсний валютуудыг илүү ач холбогдолтой болгохын тулд тэдгээрээр илэрхийлэгдсэн активуудыг авбал зохино. ОУВС үндэсний валютаар илэрхийлэгдсэн активуудын өртөгт баталгаа гаргаж, өөрийнхөө хувь нэмрийг оруулж болно.
Удаан хугацааны алслалтад бол олон улсын банкны зохицуулалт нь зах хязгаарын орнууд дахь зээлийн урсгалын нэвтрэлтийг хөнгөвчлөх ёстой. Харин богино хугацаанд бол хөгжингүй орнуудын төв банкууд зээлийн шугамуудаа өргөтгөхийн тулд арилжааны банкууддаа шахалт үзүүлэх ёстой.
Энэ үйл ажиллагааг жишээлбэл Олон Улсын Тооцооны Банк зохицуулж болох юм. Квотын дахин хуваарилалтын тухай эмзэг асуудлыг шийдвэрлэхгүй бол эдгээр арга хэмжээний аль нь ч бага боломжтой.
АНУ болон Европыг зүгээс буулт хийх нь эцсийн эцэст тэдэнд л тустай, гэхдээ одоохондоо тэд саналынхаа эрхээс хэсэгчлэн татгалзахгүй, саяхан баяжсан орнууд бол ОУВС-тай хоёр талын буюу бүс нутгийн дэмжлэгийн арга хэмжээгээр хамтран ажиллахыг илүүд үзнэ.
Хэдийгээр зөвшилцөл хайхад багагүй хугацаа зарах боловч энэ асуудлыг ямар ч тохиолдолд зайлшгүй шийдвэрлэх ёстой. Хамгийн зохистой үйлдэл нь SDR-г өргөнөөр хэрэглэх бүдүүвчийг идэвхижүүлэх явдал байхсан. Хэрэв энэ замаар анхлан замнагч болж чадвал АНУ-ын шинэ засаг захиргаа бүх дэлхийн итгэл найдварыг хүлээж чадна.

2009/02/22 - Posted by gankhuyag | ОРЧУУЛГА | | 12 Comments

12 Comments »

  1. Эсрэгээрээ үр дүн гарах юум бишүү!
    Санхүүгых террор хийхнээ. Хятад зэрэг улсууд санхүүд ноёлох боломж гараж ирэх юум бшүү . Хичнээн квот тогтоогоод эдийн засгын гажиг тогтолцоотой мань мэт шиг улсууд бусдын тоглоом болоод дуусах байх.

    Comment by сонирхогч | 2009/02/22

  2. Магадгүй л юм. Энд би олон үзэл бодлын зөвхөн нэгийг л орчуулсан. Мөн Соросыг заавал дага гэж хэлээгүй. Ер нь ингэхэд Сонирхогчоо, Та надтай ингэж зууралдаж байхаар НҮБ, ДБ, ОУВС-д ажиллавал яасан юм бэ ? Сүүлдээ бүр орчуулга хийхэд хүртэл солиордог болжээ. Та надтай биш, Соростой хэрэлд л дээ…Танд “тэр муу” Соросыг ялан дийлэхийн амжилт хүсье.

    Comment by gankhuyag | 2009/02/22

  3. Сар шиний мэнд хүргэе!
    Ганаа ах намайг бүр явуулаад байх юум. Ийм орчуулга хүргэж бгаад танд талархаж бнаа. Үзэл бодолоо бичсэн юумаа. Дэлхийн эдийн засгын талаар ойлголт маруухан болохоор хар талаас хараад бналдаа. Ядаж манай эдийн засаг хөл дээрээ босоогүй бдаг.
    Эдийн засагт ялагч биш хожил буюу ашиг л чухал байх.

    Comment by сонирхогч | 2009/03/01

  4. Таньд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
    Уучлаарай бичсэн сэдвээс нь өөр зүйл асуусанд. Таньтай яаж мээсэнжэрээр эсвэл эмэйлээр холбогдох вэ? Монголд байгаа таньдаг хүмүүсээрээ асуулгаж үзлээ.

    Comment by anand | 2009/03/03

  5. sudlaachganaa@yahoo.com
    Уучлаарай. Эхлээд надтай ярихгүй бол би бараг л нээхгүй болов уу даа. Учир нь би хакеруудын бай болчихоод байгааг Та ойлгоно биз дээ. Бас хэлж болохгүй олон шалтгаан байна аа.

    Comment by gankhuyag | 2009/03/04

  6. yamar hacker? mongold gaigui gar er ni bdiim u? mailiinhee tohirgoond filter tavi. ireed bgaa serveruudiig ni block hii)) tegeed ch tanii site wordpress deer bgaa uchraas tedend l naidaj dee. don’t worry!

    Comment by uugan | 2009/03/07

  7. Хөөе Ууган аа, Чи юу ярьж байгаа юм ?! Байлгүй яадгийм. Байх байхдаа монгол хүн чинь европынхноос огт өөрөөр сэтгэж, хачин хорлогчинтой юм хийдэг юм.

    Comment by gankhuyag | 2009/03/07

  8. баярлалаа танд амжилт хүсье

    Comment by энхээ | 2009/03/14

  9. АНУ хэт санхїїгийн давуу байдлыг єєртєє бий болгож тїїнээ ашиглан дэлхийн эдийн засагт голлох тоглогч байхын тулд ОУВС, ДБ зэргийг санхїїжїїлдэг буюу тэднийг єєрийн тоглоомын хєзєр болгон ашигладаг. Їїний нэг илрэл нь ч улс орнуудад Зээлжих эрхээр нь дпамжин мэдрэгддэг. Єєрєєр хэлбэл дїрмийг тэд тогтоодог. Одоо байдал єєр болж Дїрэм їйлчлэхгїй болж эхэлсэн бєгєєд тэдний биш єєрийн дїрмээр тоглодог тоглогчид гарч ирсэнээр асуудал їїсч байна. Тогтоосон дїрмээр тоглогчид ч мєн адил асуудатай байгаа. Манай улсын хувьд тоглоомын дїрэмд захирагдахаас єєр аргагїй болчихоод байгаа юм. Манай улсын Одоогийн хямрал гэдэг нь мєн л Тогоон дотроо байгаа хэдэн нєхдїїдинй урагшгїй їйлийн їр дїн мєнєєс мєн гэдэгт би итгэж явдаг. Та олон зїйл орчуулж тавьж байгаарай.

    Comment by Zochin | 2009/03/14

  10. sonirholtoi bailaa

    Comment by bold | 2009/03/14

  11. amerikuud hymral zohioochood baahan jijig ulsuudruu oorsdoo dolar hiij baahaniig zeeluulj ogood daramtalj gartaa oruulah gej bga yum shig nada sanagdlaa oros hitad gej tom gurenuud bga Saihan medee orchuulj ogsond bayrallaa

    Comment by chehes | 2009/03/15

  12. хямралын тухай ярих юм бол их юм ярьж болно.ЗГ.УИХ-аас олигтой чиг өгсөнгүй.татварын хуулинд яаралтай оруулах өөрчлөлт байна.энэ талаар бичээд.таны үзэлцээд байдаг ерөнхийлөгчийн сонгуулийг ч хойшлуулах хэрэгтэй.багагүй мөнгө хэмнэнэ

    Comment by иргэн | 2009/03/15


Leave a comment