Cудлаач Д.Ганхуяг

УДИРДДАГ ЮМЫГ ТӨР ГЭДЭГ…

Төрийн удирдлага гэсэн нэг том шинжлэх ухаан байх. Манай том жижиг бараг бүх дарга удирдлагын магистр, доктор гэж намтар дээрээ бичихээс өөрөөр үүнийг огт үл гадарлах. Эндээс л төр нь төр биш болчихдог юм. Энэ тухай өгүүлсү.

Далайтай юм шиг…

Засгийн Газрын 2008 -2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ баталж байв. Манай УИХ-ын гишүүд гэж телевизийн дуран харахаараа нээх их мэргэн цэцэн болцгоож, ард түмнийхээ төлөө “юм” хийцгээе гэж орилдог юм. Тэгээд байж байсан чинь Л.Гүндалай гишүүн гэв гэнэт монголын дунд сургуулиудад усан бассейн барьж, хүүхдүүдээ усанд сэлдэг болгож, эрүүл чийрэг болгоно гэсэн санал гаргадаг юм байна. Жигтэйхэн соёлтой, боловсон, дэвшилттэй санал байгаа биз дээ. Багадаа Хөвсгөлд, дараа нь Германд усанд сэлж байсан хүн чинь арга байж уу. Тэгээд нөгөө хэд нь яадгийм бол гэж хараад байсан чинь тэрийг нь шууд л баталчихдаг байна ш дээ. Ингээд УИХ-ын 35 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 1.2.10-т “Аймгийн төвүүдэд усан бассейн байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт усан сэлэлтийн төрлийг оруулна” гэж албан ёсоор оруулав.

Манай УИХ-ын гишүүдийн ухаанд ухна орчихжээ. Хэрэв би эндүүрээгүй бол Монгол говь талын орон. Монголчууд 4000 гаруй жил усанд хавьталгүй явснаа энэ төрийн үед бүгдээрээ усанд сэлж сурах юм гэнэ. Манай аймгуудад усан бассейн байгуулбал тэр нь шууд л бие угаах газар болж хувирах нь ойлгомжтой бөгөөд энэ бол бүх төрлийн өвчин тараах бэлэн үүр уурхай болно гэдгийг захын дураак мэддэг баймаар. Монголын хоцрогдолтой холбоотой онцлог гэж юм байдгийм ш дээ. Ингээд төр нь санаатайгаар монголын хүүхдүүдэд өвчин тараах төлөвлөгөө баталж байгаа юм даа. Ухаандаа Өмнөговийн аль нэг сумын сургуулийн хүүхдүүд худагт орохгүй бол өөр хаана усанд сэлж сурах ёстой гэж. Аль эсвэл аймаг руугаа очиж бие угаах газартаа сэлэх ёстой болж байна уу ?!

Ундны усаа яая гэж байж ийм шийдвэр гаргах ахул манай УИХ-ын гишүүд баг, хорооны засаг дарга ч хийж чадахгүй улс юм байна. Би төр засагт дээрээсээ идэж ууж дуусаад үнэхээр мөнгө хүрэхгүй гэж бодож байсан чинь эндүүрэл байж. Байх байхдаа асар их мөнгө байж л байгаа биз дээ. Тэгж их мөнгө нь багтаж ядаад байгаа юм бол хэдэн сайхан халуун ус барьчихвал ард түмэнд арай л илүү хэрэгтэй юмсан.

Манай төрийн бодлого, алсын хараа, “Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого” энэ тэр гээд гайхуулаад байдаг юм нь үнэн хэрэг дээрээ иймэрхүү онигооны цуглуулга байдаг юм. Энд би ганц л жишээ авч байна. Ер нь манай төрийн шийдвэр хүн авахын тамтаггүй гэдгийг мөн ч олон хүн залхтал хэлж байна даа. Монголчууд бидний “махаа зулгааж” олж өгсөн татварын мөнгөөр УИХ-ын гишүүд ингэж далайтай юм шиг тоглодог юм даа…

Бодсон юмыг бодлого гэдэг

Бид УИХ-ыг бодлого боловсруулдаг гэж ойлгодог. Нэг хүн “тэнэгтэж” болно, иймээс Та нар 76-уулаа хэлэлцээд шийдээрэй гэж УИХ-ыг байгуулсан гэж би ойлгодог. Тэгсэн чинь бүгдээрээ тэнэгтдэг байна ш дээ. Уг нь бол ийм парламентыг тараадаг ёстой бөгөөд жамтай.

Төрийн шийдвэр гэдэг нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний толгойд орсон дурын санал, мөрөөдлийг хэлдэггүй юм. Аль ч төр шийдвэрээ боломжийнхоо хэрээр алс хэтийг харж, шинжлэх ухааныг ашиглаж, маш нарийн тооцоо судалгаа, мэдээлэлд тулгуурлаж гаргадаг. Үүнийг л төрийн удирдлага гэх. Манайд энэ бол ёстой лөөлөө л байна.

Гайхуулах ганц юм нь “Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого” ухаантай. Хэрэв ийм “том” бодлогыг алгасаад усан бассейн мэтийн санал гэв гэнэт орж ирэх боломжтой байгаа бол “Цогц Бодлого” гэж рекламдахаа болиод, ердөө л Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар гэдгээ эртхэн хэлчихсэн нь дээр л дээ. Манай төрд огт байхгүй юм нь удирдлагын ухаан бөлгөө. Заавал байх ёстой юм нь байхгүй болохоор энэ төр огт ажиллах боломжгүй бөгөөд чадваргүй.

Наад зах нь төрийн улс төрийн болон захиргааны ямар ч албан хаагч асар олон тулгамдсан асуудлыг ач холбогдол, цар хэмжээ, эрсдлийнх нь хэмжээгээр эрэмбэлж чаддаг байх ёстой. Дараа нь төрийн албанаас гаргаж буй удирдлагын шийдвэр нь төлөвлөлт, зохион байгуулалт, сэдэлжүүлэлт, хяналт гэсэн удирдлагын үндсэн функцийг хангасан байх ёстой. Ингэж байж төрийн удирдлагатай жаахан дөхөж очно.

Айлын мунгинуу авгай ч амархаан шийдчих юмыг л төрийн бодлого модлого гээд солиорсоор байгаад огт шийдэж чаддаггүй өвчтэй болжээ, энэ төр шиг юм нь. Бодсон юмыг л бодлого гэдэг юм даа, эрхэм гишүүд ээ. Харамсалтай нь Та нарт бодлого байтугай, толгой ч алга даа…

“Төвийг сахисан” төрийн алба

Манайхан төрийн албыг улс төржөөд байхаар нь намаас нь салгачихлаа гэж бодоод баярлаад байх шиг. Сүүлийн жилүүдэд төрийн алба МАХН-ын гол электорат нь болсон бөгөөд улс төрийн худалдаа арилжааны хэрэгсэл болон аль хэдийнээ хувирсан билээ. 2005 онд байна уу даа, Д.Зүмбэрэллхам гэгч мөрдөн байцаагч нөхөр “Ерөнхийлөгчийг хамгаалах холбоо” гээчийг байгуулж манаргаж байсныг олон хүн санаж байгаа байх. Тэгснийхээ хүчинд удалгүй Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх болсон юм. Саяхан ноён Д.Зүмбэрэллхам Төрийн албаны Зөвлөлийн дарга болжээ.

Намаа сонгох уу, төрөө сонгох уу гэсэн хэцүү ч юмуу, амархан ч юм уу сонголт хийх болоход монголчууд төрдөө “хайртай” болохоороо 90 хувь нь төрдөө ажиллая гэж гэсэн байна. Өөрөөр хэлбэл төрийн албыг намаас салгаад Д.Зүмбэрэллхамын цэрэг болгочихож байгаа хэрэг л дээ.

Ямар тохиолдолд намтай харьцахыг нь хуульчилж өгөөгүй болохоор С.Баяр болон МАХН-ын дарга нартай уулзсан хүн болгоныг улс төр хийсэн гээд яллаад байх боломж нээгдэж байгаа юм. Хэрэв МАХН-тайгаа “сайн” байвал төрийн албаа “нууцаар” намдаа ажиллуулаад байх маш том боломж бас бий. Ийм өргөн боломжтой, хоёр үзүүртэй энэ заль мэх бол нөгөө л “төрийн бодлого” шүү дээ.

Манай төрийн албаныхан намын гишүүнчлэлгүй боллоо гээд улс төр хийхгүй байна гэж ёстой гонжийн жоо. Ямар ч дүрэм журам, зохицуулалт байхгүй болохоор харин ч “улс төрийн нууц казино” болно доо. Харж л байгаарай. Жишээлбэл, хамгийн эхэнд намын харъяалалгүй болсон Гадаад хэргийн яам улс төртэй, тэр ч байтугай хар тамхи болон контрабандын хэрэгтэй яаж холбогдож байна, “намгүй” цагдаа яаж далд улс төр, бохир бизнес эрхэлж байна, мөн Батлан хамгаалах яамны томилгоо зэрэг яаж болдгийг бид бэлхнээ мэднэ дээ.

Одоо “Төрийн алба” нэртэй улс төрийн шинэ намаа яаж байгуулахыг харах л үлдэж байна даа… Энэ Н.Энхбаярын хийсэн юм болгон нь яахаараа дандаа ийм хорлогчинтой байдгийм гэж би заримдаа гайхдаг юм.

Энд ч, тэнд ч ийм байдаг гэж гадаадаас жишээ авах дуртай манай дарга нар таг дуугай байгааг гярхай уншигчид анзаарсан л байх. Дэлхийн ихэнхи оронд төрийн албан хаагч улс төрийн намын гишүүн байх чөлөөтэй байдаг. Харин хэдийд, хаана, яаж улс төрийнхөө ажилд оролцох ёстой, ёсгүйг нь хуулиар хатуу заагаад өгчихсөн байдаг юм. Дашрамд хэлэхэд олонхи оронд төрийн алба гэдэггүй иргэний алба гэж нэрлэдэг нь маш оносон агуулга юм.

Манай төрийн алба гэж бие биенээ ээлжилж гуйж, хахуульдаж байгаад бүрдүүлчихсэн бараг овгийн байгуулал шиг юм байдаг бөгөөд тэнд төрийн ажил хийх нь битгий хэл, бараг бичиг үсэгтэй хүн цөөхөн болчихсон юм ш дээ, чааваас. Хэдхэн жилийн өмнө төрийн албаны шалгалтын тестийг гудамжинд зарж байгаад баригдаж л байсандаг.

Одоо төр, нам хоёр салаад их гоё болно гэж бодох нь ихээхэн том эндүүрэл бөгөөд “намгүй” төрийн алба намтай яаж холбогддогийг Та бид удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр харах болно. Угаасаа алба амиа ялгадаггүй хүмүүс чинь нам, төрөө хэдхэн сарын дотор ялгаж зааглаад сурчихна гэдэгт итгэх нь ёстой зангууны үлгэр болно.

Ингэхлээр нөгөө төрийн алба, төрийн удирдлага гэж юм нь оргүй болчихдог юм л даа. Уг нь нийгмийг удирддаг юмыг төр гэдэг бөгөөд ингэж чадахгүй бол халж өөрчилдөг учир жанцантай…

Судлаач Д.Ганхуяг

2009 оны 1 дүгээр сарын 27.

2009/01/26 - Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 11 Comments

11 Comments »

  1. Шар дээлтийн дэглэсэн болоод найруулсан улс төрийн тоглолт, алиа салбадайнуудын утсан хүүхэлдэйн жүжиг Төрийн албыг намын харъяалалаас гаргах шинэ хуулиар дамжин олон нийтийн анхаарлыг улам ч ихээр татсаар…..
    Бодоогүй бүхнээ, хараагүй өнцгөө уншив..

    Comment by Batzorig | 2009/01/26

  2. Намынхаа АЧААР төрд дөрөөлсөн АМЬТАД хэзээ ч намаа-мамаа мартаж зүрхлэхгүй.Харин ч энэ завшааныг ашиглаад ХОЁР ТАЛД ЗЭРЭГ ТОГЛОЛТ явуулах ХУВАЛЗУУД төрөх 100% нигууртай болж байна. БААС ХАТАВЧ ҮМХИЙГЭЭ ТАВИХГҮЙ гэж зүй үг бий дээ. Манай төр даанч харалган байна даа. 2.5 сая хүнд 76 гишүүн гэдэг чинь НЯЛХ ХҮҮХЭД ТОЛГОЙГОО ДААДАГГҮЙтэй адил биш үү?

    Comment by öîëìîí | 2009/01/27

  3. УИХ, Засгийн газар ерөөсөө л хүнд хэрэгтэй хууль тогтоол батлахгүй байгаа ш дээ. Малыг онлайнаар тоолно ч гэх шиг ухаад яриад байвал олон тэнэг юм байгаа. Тэгээд бүгдээрээ Удирдлагын академийг Төрийн удирдлагаар төгссөн гээд байгаа.

    Comment by Ганчимэг | 2009/01/27

  4. YUU GELEE? ZORIG IIN ALLAGA IIG SANSAR IIN HIIMEL DAGUUL IIN BICHLEG EER ILRUULNE GEL UU? HAHAHAAHA. MANAI TOR CH MANGAS IIN TOR YUM DAA!

    Comment by CHINEE4747 | 2009/01/28

  5. Н.Энхбаяр хиймэл дагуултай болчихоо юу ? Овоо ш дээ.

    Comment by gankhuyag | 2009/01/28

  6. Тийм шүү.

    Цусаа сэлбэх арга даа. Бараг бүгд л намаасаа татгалзаад төрийн албандаа үлдсэн. Үүнээс болж нам гишүүнгүй болно. Гишүүнгүй болсон нам дахин гишүүн элсүүлэх нь мэдээж. Дэмжигч, гар хөлийнхөө тоог нэмнэ гэсэн үг. Салсан нэртэй орооцолдсон улс.

    Comment by "amar" | 2009/01/28

  7. Энэ ялзарсан намаас ийм л бодлого гарна шдээ. Шар дээлт араасаа олон енгийн дээлтэнгүүд төрүүлсэн. Тэр олон дээлний өнгийг нь аваж өгөх гэсээр бгаад нэг мөсөн сөхрөх байх. хоосоноо мэдэхгүй үнэтэй дээл захиалахыг яана. Нээрээ л хорлонтой хүн шүү

    Comment by сонирхогч | 2009/01/29

  8. ardchilsan orond ug ni tur ard tumnii deer bh yosgui
    zugeer l luujingiin uureg guitsetgeh yostoi.
    yag luujin shig iishee yav, tiishee yav gej zaana.
    gagtshuu zamiig ni zuv zasah heregtei.

    /ail gerdeh togloomiig tur gedeggui/

    Comment by lorenzo | 2009/02/26

  9. Turiin alband tyyniig /tedniig/dagadaggyi olon hymyys bii.

    Comment by bold | 2009/03/04

  10. ХҮҮХДҮҮДИЙГ БАССЕЙНД СЭЛЭХЭЭС НЬ ӨМНӨ БИЕИЙН ТАМИРЫН БАГШ ХЭМЭЭХ БАКЬ ГАРЫН ОНЦГОЙ ХЯНАЛТАН ДООР ШҮРШҮҮРТ ОРУУЛЖ, САЙТАР УГААХ НЭГ ХУВИЛБАР БАЙЖ БОЛОХ ЮМ. ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ЗОРИУЛАВ. ХА ХА

    Comment by Anonymous | 2009/04/09

  11. ЭРХЭМ 76 ТА НАР САЙН ХЯНАХГҮЙ БОЛ ХӨДӨӨ НУТГИЙН ТОМ ЖИЖИГ ДАРГА НАР ЧИНЬ УСАН БАССЕЙНАА САУН МАССАЖ БОЛГООД БААХАН ХҮҮХЭН АВААЧИЖ, МӨНГӨ ХИЙЖ МАГАДГҮЙ Л УЛС ШҮҮ. НИЙСЛЭЛЭЭС ОЧСОН ТАНСАГ ДАРГА НАР НЬ ӨНӨӨХӨӨР НЬ САЙТАР ҮЙЛЧЛҮҮЛЭЭД, ХОТОД БӨӨН МЕДАЛЬТАЙ ИРВЭЛ ЯАНА. ЭХНЭРТЭЭ АЛУУЛСААН

    Comment by Anonymous | 2009/04/09


Leave a comment